Монгол улс: Жилийн тайлан 2013

Эх сурвалж: Оксфорд Бизнес Групп
Уул уурхайд суурилсан Монголын хөгжлийн найдвар өнгөрсөн жилийн БНХАУ-ын хэрэглээний бууралт, дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнийн цочролд “бөхийсөн”-ий дараа Засгийн газар нь байр сууриа өөрчлөх оролдлого хийж, хөрөнгө оруулалтын уур амьсгалыг сайжруулах чиглэлд анхаарч эхэллээ.
 
Эдийн засгийн удаан өсөлт , муу зээлүүд болон “орчны үйл ажиллагаа доройтож буй”-тай холбоотойгоор үнэлгээний “Moody’s” агентлаг 2014 оны нэгдүгээр сард Монголын гурван банкны хэтийн төлөвийг сөрөг болгон бууруулаад байгаа.
 
Дэлхийн эдийн засгийн сулрал, өнөөгийн тодорхойгүй байдлыг буруушааж буй Олон улсын валютын сан тус улсын 2013 оны өсөлтийн таамгийг 14 хувиас 11.8 болгон өөрчилснөөс хойш гурван сарын дараа энэхүү сануулгыг өгөв.
 
Түүхий эдийн ханшийн уналт
Уул уурхайн олборлолт нь Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний гуравны нэг, экспортынх нь 90 хувийг бүрдүүлдэг бөгөөд өнгөрсөн жил БНХАУ-ын нүүрсний хэрэглээ буурсан нь тус улсын эдийн засгийн үзүүлэлтэд огцом нөлөөлсөн юм.
 
2011 онд 17 хувьд хүрч байсан дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь 2020 он хүртэл хоёр оронтой тоо хэвээр байна гэж таамаглаад буй. Үүнд Тавантолгойн коксжих нүүрс болоод Оюутолгойн алт-зэсийн ордоос бий болох ашиг голчлон нөлөөлөх гэнэ.
 
Гэсэн ч түүхий эдийн ханш унаж, Хятадын аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний хэмжээ буурсан нь 2013 оны эхний хэдэн сард Монголын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлсэн юм. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт эхний хагаст 7.2 хувь болж өмнөх оны мөн үеийн 16.7 хувиас уруудсан гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.
 
Зургаан тэрбум долларын өртөгтэй Оюутолгойн ордын далд уурхайн бүтээн байгуулалтын цаадах зөрчил олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг бууруулаад байгаа. Монголын албаны хүмүүс болон Англо-Австралийн уурхайчид үндэсний уул уурхайн хөгжилд анхны найдлагыг төрүүлсэн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх талаар ярилцаж, тэд 2013 онд ихээхэн хугацааг мухардмал байдлаар үдлээ.
 
Тэлэлтийн шалтгааныг шинжилсэн нь
Өнгөрсөн оны эхний хагасын эдийн засгийн удааширалд үзүүлсэн Засгийн газрын хариу үйлдэл нь мөнгөний болон сангийн бодлогын тэлэлтийг хослуулсан явдал байв. 2012 оны сүүлчээр олон улсын зах зээлд арилжсан 1.5 тэрбум ам.долларын бондын мөнгөөр санхүүжүүлэх ажлуудыг эхлүүлж, Засгийн газраас зургаан аймгийг Улаанбаатартай холбох зам барих ажлыг хамарсан дэд бүтцийн салбарт ихээхэн хөрөнгө зарцууллаа. Үүний нөлөөгөөр төрийн зардал нэмэгдэж, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт оны хоёр дахь хагаст эрчимжин 14.3 хувьд хүрэв.
 
Монголбанк нэгээс зургадугаар сард бодлогын хүүгээ олон удаа доошлуулж, 2012 оны эцэст 13.25 хувь байсан хүү хамгийн сүүлд 10.5 хувьд хүргээд буй. Мөн Төвбанк зургадугаар сарын дундуур төрийн дэмжлэгтэй орон сууцны зээлийн шинэ системийг танилцуулсан бөгөөд энэ моргейжийн зээлийг өмнөх дундаж хүү 15 хувиас бага, найман хувиар тогтоогоод байгаа.
 
Ингэснээр зогсонги байсан зээлийн өсөлт хурдан сэргэлээ. Үнэлгээний “Moody’s” агентлагийн 2014 оны эхээр гаргасан тайланд дурдсанаар 2013 оны нэгээс арваннэгдүгээр сарын хооронд өмнөх оны мөн үед 23 хувийн өсөлттэй байсан зээл 55 хувиар огцом нэмэгдсэний ихэнх нь барилгын секторт ногдож байсан гэнэ.
 
Засгийн газрын бодлого үр дүнтэй гэж харагдаж байгаа ч урсгал тооцооны тэнцэл болон инфляцын өсөлт нь “эдийн засгийг дунд хугацаанд хүндхэн зохицуулалттай арга зам” руу хөтөлж магадгүйг Дэлхийн банк арваннэгдүгээр сард Монгол Улсад анхааруулсан билээ. Мөн Олон улсын валютын сан арванхоёрдугаар сард хэвлэгдсэн хамгийн сүүлчийн зөвлөмждөө “мөнгөний болон сангийн бодлогын тэлэлт үргэлжилбэл тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх болно” гэж сануулаад байгаа.
 
Бүтцийн өөрчлөлтөд тавтай морил
Монгол Улс хөрөнгө оруулалтын уур амьсгалыг сайжруулахад чиглэсэн, илүү тааламжтай хариу үйлдэл үзүүлэх өөр арга хэмжээнүүдийг авч байна.
 
БНХАУ-ын төрийн өмчит корпорацын уул уурхайн том фирмийг худалдан авах үйл явцад саад учруулах зорилгоор 2012 онд яаравчлан баталсан Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг УИХ аравдугаар сард шинэчлэн найруулсан билээ. Өмнөх хууль зорилтот “бай”-гаа оносон ч энэ нь гаднын бусад хөрөнгө оруулагчдын сонирхлыг бууруулж, Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээг сааруулахад түлхэц болсон. Гадаадын компаниуд шинэ төслүүдээ хойшлуулснаар хөрөнгө оруулалтын хэмжээ 2013 оны эхний найман сард 1.8 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оноосоо 47 хувиар буурсан үзүүлэлт байв.
 
Арваннэгдүгээр сараас үйлчилж эхэлсэн шинэ хууль хоёр чухал өөрчлөлт авчирч байна. Нэгдүгээрт, гадаадын хөрөнгө оруулагчид харилцаа холбоо, уул уурхай, банкны салбарт бизнес эрхлэхийн өмнө төрөөс зөвшөөрөл авахад их зүйл шаардагдахгүй байгаа ч төрийн өмчит ихэнх аж ахуйн нэгж энэ чиглэлд хөрөнгө оруулахын тулд Засгийн газрынх нь зөвшөөрөл хэрэгтэй хэвээр байгаа юм.
 
Хоёрдугаарт, үйлдвэрлэлийн хөрөнгө оруулах хэмжээнээс хамаарч таваас 22 жил хүртэл хугацаагаар хязгаарлан, найдвартай баталгаа өгөхүйц татварын тогтвортой байдлын гэрчилгээг бий болгосон. Шинэ зохицуулалтаар Нэмэгдсэн өртгийн албан татвар, Орлогын албан татвар, Уул уурхайн нөөцийн болон Гаалийн татварыг авах юм. Хуулийн дагуу орон нутгийн болон гадаадын хөрөнгө оруулагчид ижил хувиар төлнө. Энэ нь үүсээд байсан эргэлзээтэй нөхцөлүүдийг тайлж буй бөгөөд гадаадын хөрөнгө оруулалтыг идэвхжүүлж магадгүй юм.
 
Салбарын яамнаас нь энэхүү зохицуулалтыг нарийвчлан боловсруулах кампанит ажил эхлүүлээд буй төдийгүй төрийн үйл ажиллагааг өөрчлөхөөр төлөвлөсөн нь гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдын аль алиныг нь дэмжин тэдэнд итгэл олно гэдэгт найдаж байгаа аж.
 
Иргэд болон албан тушаалтнуудын хариуцлагыг дээшлүүлэх, лиценз, зөвшөөрөл олгох хэлбэрийг шинэчлэх, төрөөс бизнесийг салгах зэрэгт чиглэсэн “Том төрөөс ухаалаг төр рүү” гэсэн санаачилга нь холыг харсан шинэчлэлийн үндэс болно. Түүнчлэн нэгдүгээр сарын 1-нээс үйлчилж эхэлсэн Үнэт цаасны тухай хууль институциональ хөрөнгө оруулагчдыг онилох юм.
 
“Оюутолгой” нь тус улсын эдийн засгийг сэргээхэд хамгийн чухал төсөл гэж ажиглаж байгаа ба Засгийн газрын “Рио Тинто”-той хийж буй хэлэлцээр эцэслэн Монголд сайн мэдээ дуулгах шийдвэр удахгүй гарна гэж саяхны долоо хоногт мэдээлсэн байлаа. Мөн “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал Да.Ганболд “шийдвэрлэх цөөн асуудал үлдсэн” тухай дотоодын хэвлэлд ярьжээ.
 
Одоогийн улс төрийн болон макро эдийн засгийн сорилтууд нь энэ байдлыг дэнсэлж байна гэдгийг цаашид анхаарч, гадаадын хөрөнгө оруулагчдад итгүүлэх асар их тэмүүлэл Монгол Улсад байна. Оюутолгойд ийм орчныг бүрдүүлэхийн тулд өөрийн зорилгодоо хүрэх гэсэн тус орныг дэмжих үр дүнтэй, илүү оновчтой санхүүгийн бүтцийг бий болгоход чиглэсэн төлөвлөгөө гарган, ихээхэн нөөц боломж байгаагаа ухаарах явдал юм.